Хүүхдийг уншуулж сургах
Бэлтгэл цагийн сургалтын үед суралцагчдад олгох үг ярианы хөгжил, тогтоох чадвар, анхаарал төвлөрөлт, сонсох чадварыг хөгжүүлэж суралцагчдыг жинтэй сайн бэлтгэж авбал цашид цагаан толгойн үед амжилттай сайн уншиж сургахад багш, суралцагч, эцэг эхчүүдийн хэнд нь ч төвөг учрахгүй байх боломж байна.
Үүний тулд багш юуг анхаарах вэ?
Бага насны хүүхдийн онцлог шинж нь тогтоох чадвар, ажиглах чадвар сайн боловч түргэн мартдаг. Иймд Монгол хэлний хичээлийн эхний бэлтгэлийн үед оньсого, зүйр үг, шүлэг, үлгэр тогтоолгох, олон зүйлийг ажиглуулах, санал бодлыг нь сонсож, чөлөөтэй яриулж сургах нь чухал болох нь ажиглагдлаа.Үсэг үзэхийн өмнөх бэлтгэл цагийн тоо нэмэгдсэнтэй холбогдон багш олон төрлийн сэдэвт зургуудыг харж яриулах ба түүнээс үг, өгүүлбэрийн ялгааг таниулан, мэдүүлэх нь чухал юм. Үсэг үзэж, уншиж эхлэхээс өмнө хүүхдэд авиаг маш сайн сонсгож, сонсголын чадварыг хөгжүүлсэн байх хэрэгтэй. Иймд бэлтгэл үеийн хичээлийн явцад үсгийг нэрээр нь хэлж, дармал дүрсээр нь тогтоовол уншиж эхлэх үед хялбар дөхөмтэй байлаа .Үсгүүдийг нүдэлж тогтоох нь удаан хүүхдүүд анги тус бүрд цөөнгүй байдаг. Миний хувьд ийм тохиолдолд тухайн үсгийг үгийн эхнээс урт эгшигтэй холбосон дуудлагаар тогтоолгох нь амархан байх шиг санагдсан.Сургалт нь аль болохоор амьдралтай ойр байх тутам тэдний хүлээн авах чадвар илүү байх нь ажиглагдсан. Уншуулж эхлэх үед хүүхдүүд дармал үсгээ нүдэлж нэрийг нь хэлж сурсан байх учир авиа таниулах үед зөвхөн үсэгний авиа дуудлага ямар болохыг сонсоод, хэлж сураад эгшиг үсгүүдтэй нийлүүлж үе, үг бүтээж унших болно. Хүүхдэд зөвхөн үсэг нүдлүүлж, холбон уншуулахыг урьдал болгохоос өмнө тэдний сонирхлыг төрүүлэхүйц, тоглоомын хэлбэрийг өргөн ашиглан уншиж, бичиж сурах хүслийг төрүүлэх, Төрөл бүрийн бүтээлч дасгал, тоглоомыг сургалтандаа өргөнөөр ашиглах шардлагатай болсон байна.Бага насны хүүхдийг уншуулж, бичүүлж сургахад аль болох амар хялбар аргаар богино хугацаанд уншиж сурах арга барилд сургах нь чухал юм.Уншуулж сургахад анхаарах зүйл нь бидний ярианы хэллэг нь уншиж байгаа аргатай зохицсон байх нь нэг онцлог.Мөн уншиж сурч эхлэх үед уншиж байгаа үе, үг нь бүгд утгатай байна.Уншиж буй үе нь хэлний зүйн задлан ялгалд ордог дагавар, нөхцөл байвал үг бүтээж уншихад амархан байх ба ярианы хэллэгтэй адил байхын зэрэгцээ монгол хэлний үг зүйн задлан ялгал хийх, цээж бичигт сургахад маш дөхөм байдаг.
Багш бид өөрийн дадаж хэвшсэн, арга зүйнхээ зэрэгцээ орчин үед шаардагдаж буй эрэлт хэрэгцээг анхааран, суралцагчдынхаа эрх ашиг, эрэлт хэрэгцээг хангахуйц сургалтыг зохион байгуулах шаардлагатай болсон байна.